“LIME” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Батлагдсан огноо: 2022 оны 4-р сарын 18-ны өдөр
Сүүлд шинэчилсэн огноо: 2024 оны 09-р сарын 25–ны өдөр
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь “Онлайм Нетворк” ХХК (“Бид”, “Компани”)-аас үзүүлж буй телефон яриа, зурвас илгээх зэрэг харилцаа холбооны үйлчилгээг LIME аппликейшн (“Апп”)-ээр дамжуулан үзүүлэхтэй холбоотой Хэрэглэгч (“Та”, “Хэрэглэгч”)-ийн дагаж мөрдөх журам, нөхцөлийг тодорхойлно.
Та Апп-д бүртгүүлж, Хэрэглэгч болсноор энэ Үйлчилгээний нөхцөлийг биелүүлэх үүрэг хүлээх тул тус нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхийг , чөлөөтэй, бие даан, хараат бусаар шийдвэрлэнэ үү.
Хэрэглэгч Та Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Хэрэглэгчийн гэрээтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрөх эсэхээ цахимаар илэрхийлэх эрхтэй.
Та “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг идэвхжүүлснээр Компани таны бүртгэлийн мэдээллийг баталгаажуулах үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Таны Апп-д оруулсан гар утасны дугаарт илгээсэн 6 оронтой баталгаажуулах кодыг Апп-д оруулж, баталгаажуулах үйлдлийг хийсэн тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Хэрэв Та Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд хүсэлтээ [email protected] хаягаар цахимаар илгээж, шийдвэрлүүлэх боломжтой.
Нэг. Нийтлэг журам
1.1 Бид өөрсдийн хөгжүүлсэн Апп-аар дамжуулан интернэт орчинд чөлөөтэй ярих, мессеж бичих харилцаа холбооны үйлчилгээг Хэрэглэгчид санал болгож байна.
1.2 Апп нь iOS үйлдлийн системийн 11.0 болон түүнээс дээш үзүүлэлттэй, Android үйлдлийн системийн 6.0 болон түүнээс үзүүлэлттэй ухаалаг гар утсанд зориулагдсан болно.
1.3 Бид Апп-ын үйлчилгээний хэвийн, найдвартай ажиллагааг хангах хүрээнд программ хангамжийн хөгжүүлэлтийг тогтмол хийж, Таны хүсэлтэд үндэслэн үйлчилгээг сайжруулах арга хэмжээг авч ажиллана.
1.4 Үйлчилгээний нөхцөлд дурдсан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож, хэрэглэнэ. Үүнд:
1.4.1 “Компани” гэж харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Онлайм нетворк” ХХК-ийг;
1.4.2 “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Хэрэглэгчийн гэрээний дагуу Компанийн санал болгож буй үйлчилгээг ашиглаж буй хувь хүнийг;
1.4.3 “Үйлчилгээ” гэж харилцаа холбооны сүлжээг ашиглан Хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг;
1.4.4 “Апп” гэж Компанийн санал болгож буй үйлчилгээг шууд, энгийн хялбар аргаар ашиглах боломжийг Хэрэглэгчид олгож буй технологийн шийдлийг;
1.5 Хэрэглэгчийн сонгосон үйлчилгээний хамрах хүрээ, онцгой нөхцөл, төлбөр, эдлэх эрх, хүлээх үүргийг Компанитай цахимаар байгуулсан Хэрэглэгчийн гэрээгээр зохицуулна. Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого нь Хэрэглэгчийн гэрээний салшгүй хэсэг байна.
1.6 Апп-ийг ашиглахтай холбоотой Компани болон Хэрэглэгчийн баримтлах журам, нөхцөл, хориглох үйл ажиллагааг Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогоор тодорхойлно.
Хоёр. Хэрэглэгчээр бүртгүүлэх нөхцөл
2.1 Хэрэглэгч нь Апп-ийн бүртгүүлэх хэсэгт өөрийн эзэмшлийн гар утасны дугаарыг оруулснаар бүртгэлийн үйл ажиллагаа эхэлнэ.
2.2 Та гар утасны дугаараа оруулсны дараа Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ илэрхийлэх боломжтой. Хэрэглэгч та Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг зөвшөөрч байгаа тохиолдолд “Зөвшөөрч байна.” гэсэн товчийг дарж, өөрийн зөвшөөрлийг баталгаажуулна.
2.3 Хэрэв Та Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогын нөхцөлийг бүхэлд нь эсхүл зарим нөхцөлийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, татгалзсан нөхцөлд Апп-аас түр гарч, [email protected] хаягаар өөрийн татгалзсан хүсэлтээ илэрхийлж, шийдвэрлүүлэх боломжтой.
2.4 Бид Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг зөвшөөрсөн Хэрэглэгчийг таньж, баталгаажуулах зорилгоор Таны гар утасны дугаарт 6 оронтой баталгаажуулах нууц кодыг илгээнэ. Хэрэглэгчээс нэг удаагийн 6 оронтой нууц кодыг Апп-д оруулснаар Хэрэглэгчийн бүртгэл баталгаажна.
2.5 Апп-д бүртгүүлэх явцад Компаниас илгээж буй нэг удаагийн 6 оронтой нууц кодын нууцлал, бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг Хэрэглэгч хариуцна. Та нэг удаагийн нууц кодыг алдсан, халдлагад өртсөн, ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмжийг гээгдүүлсэн, алга болгосон нөхцөлд Бидэнд нэн даруй мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авхуулах үүрэгтэй.
2.6 Хэрэглэгч нь 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн байна.
2.7 Хэрэв Хэрэглэгчийн Апп-д оруулсан мэдээлэл нь бүрэн бус, худал байсны улмаас 16 насанд хүрээгүй хүнийг эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр Хэрэглэгчээр бүртгэсэн тохиолдолд Бид илрүүлсэн эсхүл мэдсэн даруйдаа Хэрэглэгчийн бүртгэлээс хасаж, үйлчилгээг идэвхгүй болгоно.
2.8 Бид Хэрэглэгчийн дараах мэдээлэлд үндэслэн үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
2.8.1 Овог, Нэр;
2.8.2 Иргэний бүртгэлийн дугаар;
2.8.3 Байгууллага бол регистрийн дугаар болон тухайн эзэмшигч иргэний иргэний бүртгэлийн дугаар, овог, нэр
2.8.4 И-мэйл хаяг;
2.8.5 И-баримтын бүртгэлийн дугаар;
2.8.6 Утасны дугаар;
2.8.7 И-мэйл хаяг;
2.8.8 Олон нийтийн сүлжээний хаяг;
2.8.9 Сонгосон багц үйлчилгээнээс хамаарч зарим нэмэлт мэдээлэл;
2.8.10 Хэрэглэгч нь 16-18 насны иргэн байх тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй холбогдох мэдээлэл;
2.9 Компани нь Таны хувийн мэдээлэлд үндэслэн 3 түвшинтэй Хэрэглэгчийг таньж баталгаажуулах ажиллагааг зохион байгуулах эрхтэй. Хэрэглэгч сайн дурын үндсэн дээр 2, 3 дугаар түвшний баталгаажуулалтад оролцоно.
2.10 Та Регистрийн дугаараа оруулснаар 1 дүгээр түвшний Хэрэглэгчийг таньж баталгаажуулах ажиллагаанд оролцоно.
2.11 Хэрэглэгч нь 3 дугаар түвшний баталгаажуулалтыг хийсэн тохиолдолд өөрийн дугаарын яриа, мессеж, хэрэглээний дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэмэл байдлаар цаасаар гаргуулан авах эрхтэй. Хэвлэлийн зардлыг Хэрэглэгч өөрөө хариуцах ба дараах үнийг дагаж мөрдөнө. Үүнд:
2.11.1 1 сар буюу 1-31 хоногийн хэрэглээний мэдээллийн хэвлэлийн зардал 1000 төгрөг;
2.11.2 2 сар буюу 1-61 хоногийн хэрэглээний мэдээллийн хэвлэлийн зардал 2000 төгрөг;
2.11.3 3 сар буюу 61-ээс дээш хоногийн хэрэглээний мэдээллийн хэвлэлийн зардал 3000 төгрөг;
2.12 Хэрэглэгч нь Апп-д оруулж буй өөрийн хувийн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд бүрэн бус, худал мэдээлэл оруулсны улмаас Компани, гуравдагч этгээдэд учирсан хохирлыг өөрөө хариуцна.
Гурав. Үйлчилгээ үзүүлэх журам
3.1 Хэрэглэгчид санал болгож буй үйлчилгээ нь олон нийтэд зориулагдсан, хүн бүрийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах зорилготой. Уг үйлчилгээг ашиглан оруулж буй аливаа зурвас, контент, харилцаа зэрэгт та бүрэн хариуцлага хүлээх тул Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, энэ Үйлчилгээний нөхцөлд заасан шаардлагуудад нийцсэн байдлаар ашиглахыг хүсэж байна.
3.2 Хэрэглэгч нь үйлчилгээг хэрэглэх явцад Апп-д хийсэн үйлдэл бүрийн хууль зүйн үр дагаврыг хариуцна.
3.3 Хэрэглэгч нь Апп-ийн үйлчилгээтэй холбоотой дараах үйлдлийг хийж, холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой. Үүнд:
3.1.1 Өөрт тохирсон үйлчилгээг сонгох (багц үйлчилгээ, дугаар, нэгж);
3.1.2 Өөрийн хувийн мэдээлэлд өөрчлөлт оруулах;
3.1.3 Цэнэглэлт, урамшууллын түүхийн мэдээлэлтэй танилцах;
3.1.4 Данс хэсгээс нэгжийн үлдэгдэл, үйлчилгээний хүчинтэй хугацааны мэдээлэлтэй танилцах;
3.1.5 Дуудлагад зохицуулалт хийх (дугаар нууцлах, дуудлага авахгүй байх, дуудлага шилжүүлэх, хар жагсаалт үүсгэх);
3.1.6 Ухаалагч гар утаснаас Апп-н ашиглалттай холбоотой тохиргоог өөрчлөх (камер, микрофон, мэдэгдэл, утасны жагсаалт, байршил, зураг хуваалцах тохиргоог идэвхжүүлэх, идэвхгүй болгох);
3.1.7 Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, түүнд орсон, нэмэлт өөрчлөлттэй Апп-ийн Тусламж хэсгээс танилцах;
3.1.8 Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг цахимаар болон утсаар илгээх;
3.2 Үйлчилгээ нь интернэтэд суурилсан үйлчилгээ тул 101, 102, 103, 105, 108 болон бусад яаралтай тусламжийн дугаарт холбогдох боломжгүй нөхцөл үүсэж болзошгүй. Иймд та яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авахдаа өөрийн гар утасны үндсэн үйлчилгээг ашиглана уу.
3.3 Бид үйлчилгээний мэдээлэл, зөвлөмжөөр Таныг тогтмол хангах хүрээнд Хэрэглэгчийг урамшуулах бодлогыг хэрэгжүүлэх бөгөөд лавлахын үйлчилгээг нэмэлтээр санал болгоно.
3.4 Бид Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд таны мэдээлэл, аливаа контентыг нөөцөлж хадгалах үүрэг хүлээхгүй бөгөөд зурвас мэдээллүүд ямар нэгэн анхааруулгагүйгээр системээс устгагдах боломжтой. Иймд Та өөрт чухал мэдээллээ давхар өөр газар хадгална уу.
3.5 Компани нь Апп-ийг хөгжүүлэх болон үйлчилгээг сайжруулах, засвар үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэнэ. Энэхүү засвар үйлчилгээ болон сайжруулалтыг хийхэд Апп болон үйлчилгээний үйл ажиллагаанд тасалдал үүсэх нөхцөлд энэ талаар урьдчилан Апп-аар мэдэгдэнэ. Апп болон үйлчилгээнд тасалдал үүсгэх нөхцөлд аль болох оргил ачааллын бус үед буюу 00:00 – 06:00 цагийн хооронд засвар үйлчилгээ болон сайжруулалтыг хийнэ.
3.6 Үйлчилгээнд зориулсан Компанийн шинэ дугаар нь 90 хоногийн үйлчилгээний хугацаатай байна. Та хугацаа дууссанаас хойш 30 хоног ашиглаагүй тохиолдолд дугаар, түүнд хамаарах нэгж, бусад урамшууллын эрх дуусгавар болж, тус дугаар нь зах зээлд дахин борлуулалтад гарна.
3.7 Хэрэглэгч нь дугаар нууцлах үйлчилгээг үнэ төлбөргүй хэрэглэх бөгөөд дугаар нууцлах үйлдэл нь зөвхөн яриа хийхэд хамааралтай бөгөөд мессеж бичихэд Таны дугаар нууцлагдахгүй.
3.8 Хэрэглэгчийн үйлчилгээний хугацаа хамгийн уртдаа 2 жил байх бөгөөд хамгийн сүүлд үйлчилгээний хугацаа сунгасан өдрөөс эхлэн тооцогдоно.
3.9 Хэрэглэгчийн төвийн +976 72117211 утсаар дамжуулан үйлчилгээний талаар мэдээлэл авах эрхтэй бөгөөд Таныг техникийн зөвлөгөөгөөр хангана.
Дөрөв. Үйлчилгээний төлбөр
4.1 Компаниас санал болгож буй үйлчилгээний яриа, мессежний тариф, багц, дугаар, нэгжийн мэдээллийг Хэрэглэгчид ойлгомжтой, ил тод, нээлттэй байдлаар Апп-д болон https://onlime.mn/#tariff -д веб сайтад байршуулна.
4.2 Компани нь үндсэн үйлчилгээний тариф болон үндсэн нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулахаас 30 хоногийн өмнө Хэрэглэгчид цахимаар мэдэгдэнэ.
4.3 Хэрэглэгч нь өөрийн холбоо мэдээллийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн багц үйлчилгээ, нэгжийг сонгож, үйлчилгээг ашиглана.
4.4 Та багц үйлчилгээ, нэгжийн төлбөрийг төлөөгүй нөхцөлд Үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болно.
4.5 Үйлчилгээний төлбөрийг Компаниас хүлээн зөвшөөрөгдсөн бүх төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглан төлж болно. Төлбөрт холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөх аливаа татвар хураамж багтсан.
4.6 Та дансаар үйлчилгээний төлбөрийг шилжүүлэх тохиолдолд дансны дугаар, үнийн дүн, гүйлгээний утга бүрэн таарч буйг нягтлан шалгана уу. Нягтлан шалгаагүйн улмаас үүсэх үр дагаврыг Компани хариуцахгүй.
4.7 Хэрэглэгч нь Апп-д зориулагдсан купоноор үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой.
4.8 Хэрэглэгч та спам дуудлага, мессежийг хязгаарлах зорилгоор Бидний санал болгож буй дугаар блоклох буюу хар жагсаалт үүсгэх үйлчилгээг үнэ төлбөргүй хэрэглэх эрхтэй.
Тав. Оюуны өмчийн хамгаалалт
5.1 Апп дээр ашиглагдаж буй текст, зураг, гэрэл зураг, график, хэрэглэгчийн хэсэг болон бусад контент тэдгээрийг хэрэглэсэн хэлбэр, хэв загвар, донж маяг зэрэг нь Компанийн эсвэл холбогдох хуулийн дагуу гуравдагч этгээдээс ашиглах зөвшөөрлийг авсан оюуны өмч болно.
5.2 Хэрэглэгч нь гэрээний үндсэн дээр төлбөртэйгөөр Апп-ын үйлчилгээг түр хугацаанд ашиглах бүрэн эрхтэй бөгөөд энэхүү Апп-ыг эзэмших, захиран зарцуулах эрх зөвхөн Бидэнд хадгалагдана.
Зургаа. Апп-д хориглосон үйл ажиллагаа
6.1 Хэрэглэгч нь Апп-ын үйлчилгээг зөвхөн зориулалтын дагуу Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн ашиглах үүрэгтэй. Та үйлчилгээг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглах, өөрийн нэр бүр бүртгэлтэй үйлчилгээний эрхээ бусдад дамжуулахыг хатуу хориглох бөгөөд хууль бус үйлдэл нь хийсэн нь эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар илэрсэн нөхцөлд үйлчилгээг зогсоох арга хэмжээг авах болохыг анхаарна уу.
6.2 Хэрэглэгч нь компани, түүний нэгдмэл сонирхолтой этгээд, хамтран ажиллагч мөн түүнчлэн бусад Хэрэглэгчид, хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, тэдэнд хохирол учруулах зорилгоор энэ нөхцөлийн 6.3, 6.4-т заасан үйлдлийг хийхийг хориглоно.
6.3 Та Апп дээрх үйлчилгээг ашиглан дараах төрлийн мэдээлэл, контентыг оруулах, дамжуулах, түгээхийг хатуу хориглоно. Үүнд:
6.3.1 Хор хөнөөлтэй, Ёс суртахуунгүй;
6.3.2 Бусдын нэр, нэр төр, алдах хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан;
6.3.3 Бусдын нэр, нэр төр, алдах хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдах зорилгоор худал, гүтгэлгийн шинжтэй, хууль бус үйлдэлд уриалсан;
6.3.4 Садар самууныг сурталчилсан;
6.3.5 Аливаа хувь хүн, хуулийн этгээдийн зохиогчийн, барааны тэмдгийн, патентын зэрэг оюуны өмчид халдсан;
6.3.6 Спам, бүтээгдэхүүн үйлчилгээ худалдаалах сурталчилгаа тараах болон үйлчилгээний бусад хэрэглэгчдээс элдэв хандив, тусламж гуйх;
6.3.7 Вирус болон хортой программ агуулсан холбоос, гэмтсэн файл, эдгээртэй ижил шинж чанартай аливаа файл, программ хангамж;
6.4 Апп болон Үйлчилгээг ашиглахдаа шууд болон шууд бусаар дараах үйлдлүүдийг хийхийг хориглоно. Үүнд:
6.4.1 Апп болон үйлчилгээний эх код, суурь санаа болон алгоритмийг олох зорилгоор кодыг задлах, reverse engineering хийх, задлах болон бусад байдлаар оролдох;
6.4.2 Апп болон үйлчилгээнд үндэслэсэн үүсмэл бүтээл туурвих, өөрчлөх, хөрвүүлэх;
6.4.3 Үйлчилгээ болон аппыг түрээслэх, лизингдэх, лицензлэх, дэд лиценз олгох, худалдах, дахин борлуулах, эрхийг шилжүүлэх, арилжааны зорилгоор ашиглах, болон энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусдаар гуравдагч этгээдэд ашиглах боломж болгох;
6.4.4 Үйлчилгээ болон аппыг ашиглахдаа гуравдагч этгээдээс ашиг олох зорилгоор, үйлчилгээний зөвлөхийн зорилгоор ашиглах, хувааж хэрэглэх;
6.4.5 Компаниас бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ болон аппын аливаа хэсгийг гуравдагч этгээдэд задруулах, шилжүүлэх, нийтлэх;
6.4.6 Харилцаа холбоо, Хувь хүн, байгууллагын нууцын тухай, зар сурталчилгааны, мэдээллийн аюулгүй байдалтай холбогдон гарсан хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон Монгол улсын бүх төрлийн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ тогтоомжийг зөрчих;
6.4.7 Аливаа луйврын болон бусад хэлбэрээр ашиглах;
6.4.8 Хүчирхийлэл үйлдэх;
6.4.9 Төлбөргүй үзүүлэх үйлчилгээнээс бусад төрлийн үйлчилгээний төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийх;
6.5 Хэрэглэгч нь энэ Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн эсхүл хориглосон үйлдэл гаргасны улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг хариуцна. Тус үйлдлийн улмаас Хэрэглэгч нь Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамаарч Бид Апп-ийн үйлчилгээг зогсоох эсхүл Хэрэглэгчийн гэрээг цуцалж, таны бүртгэлийг устгах хүртэл арга хэмжээг авна.
Долоо. Үйлчилгээний аюулгүй байдал, эрсдэл
7.1 Бид Апп болон үйлчилгээний аюулгүй байдлыг хангах хүрээнд боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллах бөгөөд биднээс үл хамаарах шалтгаанаар Апп-ын үйлчилгээ түр тасалдаж, доголдож болохыг анхааруулж байна.
7.2 Компани нь хуурамч дуудлага, дугаараа өөрчилж, залгасан дуудлага спам мессеж, дуудлагыг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд тогтмол хяналтыг зохион байгуулах бөгөөд тус нөхцөлийн 7.3-т заасан арга хэмжээг авч ажиллана.
7.3 Компани нь Апп болон үйлчилгээний аюулгүй байдал, нууцлалын арга хэмжээг авч хэрэгжүүлэх боловч үйлчилгээг хэрэглэж буй бусад Хэрэглэгчээс тань руу чиглэсэн хууль бус үйлдэл илэрч болно. Хэрэв тань руу чиглэсэн хууль бус үйлдэл илэрвэл 72117211 дугаараар бидэнд мэдэгдэх боломжтой. Хэрэглэгчийн гомдлыг нууцлах бөгөөд таны ирүүлсэн гомдлын дагуу бид холбогдох арга хэмжээг авч ямар төрлийн арга хэмжээ авсан талаар танд эргүүлэн мэдэгдэх болно.
7.4 Гэнэтийн нөхцөл байдлын буюу гэмтэл саатлаас шалтгаалсан саатлын талаар урьдчилан мэдэгдэх боломжгүй болно.
7.5 Бид гэмтэл саатлын шалтгаан нөхцөлийг судлан тодорхойлсны үндсэн дээр засварлах арга хэмжээг боломжит богино хугацаанд хийж гүйцэтгэнэ. Хэрэв гэмтэл, саатлыг засварлахад 24 цагаас илүү хугацаа зарцуулах тохиолдолд энэ талаар нэн даруй Хэрэглэгчид мэдэгдэж, нөөц арга хэмжээг авч ажиллана.
Найм. Үйлчилгээг зогсоох нөхцөл
8.1 Хэрэглэгчийн гэрээнд зааснаас гадна дараах тохиолдолд Үйлчилгээг зогсоож, энэ нөхцөлд заасан талуудын эрх, үүрэг дуусгавар болно. Үүнд:
8.1.1 Хэрэглэгч үйлчилгээг хүссэн үедээ зогсоох эрхтэй.
8.1.2 Хүүхдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн;
8.1.3 Апп-д бүртгүүлэхдээ өөрийн хувийн мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулж, буруу оруулсан гэж үзвэл Компаниас урьдчилан анхааруулга өгөхгүйгээр зогсоох эрхтэй.
8.1.4 Бусдын оюуны өмчийн эрхийг зөрчих, залилан мэхлэх, ёс суртахуунгүй, хууль бус үйлдэл хийх болон бусад ижил төстэй шалтгаанаар Үйлчилгээний нөхцөлийг зөрчиж, хохирол учруулж болзошгүй эсвэл бодитоор хохирол учруулсан үйлдэл гаргасан, зөрчил гаргасан гэж үзвэл Апп болон үйлчилгээг зогсоож, таны бүртгэлийг устгах хүртэл арга хэмжээг авах эрхтэй.
8.1.5 Үйлчилгээг ашиглахдаа бусад төрлийн программ хангамж ашиглах, хэвийн хэмжээнээс хэт ихээр хэрэглээ үүсгэх зэргээр компанийн үйл ажиллагаанд хохирол учруулж болзошгүй гэж үзсэн тохиолдолд энэхүү гэрээг цуцлах эрхтэй байна.
8.1.6 Монгол Улсад онц болон дайны байдал зарласан, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэний улмаас эрх бүхий байгууллагаас харилцаа холбооны сүлжээг дайчлан ажиллуулах тохиолдолд Танд урьдчилан мэдэгдэлгүйгээр Апп болон үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг зогсоох эрхтэй.
8.2 Та Апп-ийн хувийн мэдээлэл хэсэг дэх бүртгэлээ устгах боломжтой бөгөөд бүртгэлийг устгасан тохиолдолд нэгж багцын үлдэгдлийг нөхөж олгохгүй болохыг анхаарна уу.
Ес. Маргаан шийдвэрлэх журам
9.1 Та Апп-ын үйлчилгээтэй холбоотой аливаа санал, гомдол, хүсэлтийг Aпп-ын “Тусламж” хэсэгт нэвтэрч эсхүл Хэрэглэгчийн төвийн +976 72117211 утсаар дамжуулан хүсэлт, санал, гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй.
9.2 Бид цахимаар ирүүлсэн Таны санал, гомдол, хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан хариуг Хэрэглэгчийн бүртгэлтэй цахим хаягаар хүргүүлнэ.
9.3 Хэрэглэгчтэй холбоотой маргааныг харилцан ойлгож, хэлэлцээрийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэлэлцээрийн эцэст үр дүн гараагүй нөхцөлд маргааныг Монгол Улсын хуулийг баримтлан Монгол Улсын Олон улсын арбитраар шийдвэрлүүлнэ.
Арав. Нэмэлт өөрчлөлт
10.1 Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт орсон даруйд танилцаж, дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд тухайн нөхцөлтэй танилцах боломжоор хангаж, Апп-д нээлттэй байршуулах тул Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.
10.2 Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, түүний нэмэлт, өөрчлөлтийг мэдээгүй, танилцсан ч ойлгоогүйн улмаас үүсэх асуудлыг Бид хариуцахгүй. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асууж, тодруулах нээлттэй байх болно.