LIME - Дугаартай, Ярианы Апп нээлтээ хийлээ

Өнгөрөгч бүтэн сайн өдөр “Шарк Танк Монгол” нэвтрүүлгийн удтал хүлээлгэсэн гуравдугаар улирлын анхны дугаар цацагдах үед дэлхийн монголчуудад зориулсан дугаартай, ярианы апп гэх тодотголтой “LIME” хэмээх шинэ аппын реклам анхаарал татсан юм. Шууд татаж аваад хэрэглэж, туршиж үзлээ. Тус аппыг үүлэн технологид суурилсан байгууллагын харилцаа холбооны “Колл Про” компанийг үүсгэн байгуулсан салбарын арвин туршлагатай холбоочид хөгжүүлэн гаргажээ. Энэтхэг, Хятад, Итали улсын инженерүүд хамтран хөгжүүлсэн, цаашдаа дэлхийн зах зээлд өрсөлдөх зорилт тавьсан энэхүү аппыг хэрэглээд төрсөн сэтгэгдлээ хуваалцъя. 

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
АНУ-д харилцаа холбооны компанийн олон улсын дуудлагын дундаж үнэ нь 0.192 ам.доллар буюу 534.4 төгрөгтэй тэнцдэг. Харин манай орны хувьд аль ч үүрэн телефоноос гадаад улс руу дуудлага хийхэд нэг минутын үнэ дунджаар 282.5 төгрөг байдаг аж. Тэгвэл LIME апп нь энэ зардлыг бүр ч хямдаар, илүү хялбар аргаар шийдэж чадсан байна.
Миний эхний сэтгэгдэл бол интернэт байгаа тохиолдолд LIME нь бусад харилцаа холбооны аппуудаас юугаараа ялгарах билээ гэсэн асуулт байв. Харин энэ ялгарал нь “Дэлхийн монголчууддаа зориулав” гэсэн уриандаа зангилагджээ. Энэ апп дуудлага хийх, чат, мессеж бичих, зураг, файл явуулах зэргээрээ бусад харилцаа холбооны аппуудтай адил. Гагцхүү гадаадад буй иргэдийн маань монгол дугаар авах боломжгүй байдаг том асуудлыг шийдвэрлэж, LIME дээр дугаар авах боломжийг олгож өгчээ. Дугаартай байх нь нөгөө хүн нь онлайн биш байсан ч залгах, мессеж бичиж болно гэдгээрээ хамгийн давуутай санагдлаа. Мөн бусад олон апп, үйлчилгээ утасны дугаараар ажилладаг болсон өнөө цагт өөр олон үйлчилгээг авах боломжийг олгох аж. “Колл Про” компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Тулга “Гадаадад суугаа монголчууд E-Mongolia үйлчилгээг авах боломжтой болсон. Цаашид банкны үйлчилгээ, крипто биржүүд гээд олон үйлчилгээг LIME дугаараараа авах боломж бүрдэнэ” гэж жиргэсэн нь үүний тод жишээ юм.

ЯМАР ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГТОЙ ВЭ?


Урьд өмнө байгаагүй технологийг гаргаж ирснээрээ тэд харилцаа холбооны салбарт дахин нэг инновацыг хийжээ. Технологийн хувьд ямар боломжуудыг ашиглан тус аппыг бүтээснээ үүсгэн байгуулагч нь ийнхүү жиргэсэн байна:
Доторх боломжуудыг дурдвал, LIME-ийг ашигласнаар гар утсандаа хоёр дугаартай болно гэсэн үг. Нэг нь дотооддоо ашиглаж буй үүрэн сим, нөгөөх нь гадаад, дотоодын алинд ч ашиглах боломжтой LIME виртуал дугаар. Та дуудлага хийх, зурвас бичихээс гадна лавлах хэсэгт байрших дотоодын 40 мянга, гадаадын 2 мянга гаруй байгууллага, компанийн хаяг байршил, цагийн хуваарийг харах, аппаараа шууд залгах боломжтой нь тун догь. Лавлах цэс рүү нь орж өөрт ойр байрлах бүх л байршлыг шалгаж харахад үнэхээр миний ойролцоо байгаа төрийн, хувийн хэвшлийн бүх байгууллага, дэлгүүр үйлчилгээний хаягуудыг яг таг жагсаажээ.
Түрүүнд дурдсанчлан иргэний үнэмлэх юм уу гадаад паспортоороо баталгаажуулалт хийгээд E-Mongolia үйлчилгээг авах бол гадаадад буй монголчуудад тун хэрэгтэй нэмэлт юм. Төрийн үйлчилгээ холдсоноос болоод гадаадад буй иргэд олон зүйлээс хоцорч, хохирч ирсэн явдал эцэс болох боломж бүрдсэн мэт санагдлаа.
Мөн түвшин ахиулах, хандивлах гэх онцгой хоёр сонголт байна. Үүнээс хамгийн олзуурхууштай нь хандивлах гэсэн сонголт. Товчоор бол хүлээн авч буй дуудлага бүрээсээ мөнгө цуглуулж, сайн үйлсийн ажилд хөрөнгө оруулах боломжтой гэнэ. “Дандаа зарлагадна гэж юу байх вэ? Орлоготой яриа” хэмээн онцолсон нь ийм учиртай байжээ.
Түүнчлэн хувийн тохиргоо хийх боломжтой нь таалагдсан. Жишээ нь шөнийн цагаар дуудлага авахгүй байх, шаардлагатай тохиолдолд дугаараа нууцлах, тэр ч бүү хэл хөгжилдмөөр санагдсан үедээ дуу хоолойгоо өөрчлөх, завгүй үедээ бүртгэлтэй өөр дугаар луу дуудлагаа шилжүүлэх зэргээр өөрт тухтай байдлаар тохируулж болдог.

 

 

 

ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?
Дугаараа бүртгүүлээд шинэхэн цахим дугаартай болох нь хялбар юм. Сим картгүй, гарт баригдах зүйлгүй болоод ч тэр үү бүр хэтэрхий амархан санагдсан шүү. Ингээд л дугаартай болчхож байгаа юм уу гэж бодсоор 72 эхлэлтэй “cool” дугаараараа анхны дуудлагаа хийж, алс хол суугаа найзынхаа амар мэндийг асуулаа. 1000 төгрөгөөр дугаар худалдан авахад 500 нэгж дагалдан ирсэн ба Японд суугаа найзтайгаа нэлээд ярьсны дараа 260 төгрөг дансанд маань үлдсэн байлаа.

  • App Store, Google Play-ээс аппликейшнээ татах
  • Өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утасны дугаараараа бүртгүүлэх
  • 72 эхлэлтэй цахим дугаараа сонгох
  • Дурын багцаа идэвхжүүлэх

Та дараах багцуудаас сонгох боломжтой бөгөөд 1’000, 5’000, 10’000, 20’000 төгрөгийн нэгжүүдээс худалдан авах аж.

 

Аппликейшнийг ЭНД дарж татна уу.
Эх сурвалж: Unread
Нийтэлсэн: Мажигсүрэн Цогбадрах
Нийтлэлд оролцсон: А.Ачмаа