Гадагшаа явах бэлтгэлээ базааж буй танд хэрэг болох зөвлөмжийг хүргэж байна.
1. Тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичих
Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул өөрийн холбоо барих мэдээллээ тэмдэглэснээр ачаа тээшээ эргүүлэн олж авахад тань тусална.
2. Хувийн хэрэглээний эм, бэлдмэл
Аяллын үед бие тавгүйрэх үед хэрэглэх толгойны эм, халууны эм, хөвөн, хурууны лент зэрэг анхан шатны хэрэглэгдэхүүн авч явахад илүүдэхгүй. Мөн хилээр нэвтрэхдээ авч явж буй эм, бэлдмэлийн хайрцаг, эмийн жор, эмчийн бичгийг үзүүлэх шаардлага гардгийг анхаараарай.
3. Цаасан газрын зураг
Төдийлөн сайн мэдэхгүй эсвэл анх удаа очиж байгаа газарт зүг чигээ олоход тань цаасан газрын зураг хэрэгтэй. Гар утасны цэнэг дуусах, сүлжээгүй болох зэрэг тохиолдолд төөрөхгүй байхад тусална.
4. Ачаагаа ангилж бэлдэх
Ачаагаа аль болох цэгцтэй, тодорхой хэсгүүдэд ангилж бэлдсэнээр тодорхой нэг зүйлийг яаралтай олох шаардлагатай болох үед цаг хугацаа хэмнэнэ. Яарч сандарсан үед ямарваа нэг зүйлийг олоход хэцүү байдаг шүү дээ.
5. Норохоос сэргийлэх
Гэнэтийн борооны улмаас аль эсвэл санамсаргүй байдлаар шингэн асгах зэргээр чухал бичиг баримтаа норгох эрсдэлтэй тул ус нэвтэрдэггүй уутанд хийх, цүнхний цув авч явахыг зөвлөе.
6. Гар тээший хэмжээ
Нислэгийн үед авч явах гар тээшинд тодорхой хэмжээ заасан байдаг. Олон улсын нислэгт нийт жин 8кг-аас илүүгүй, гурван талын хэмжээсийн нийлбэр 115см-ээс ихгүй байхыг шаарддаг. Мөн хилээр авч гарахыг хориглодог бараа бүтээгдэхүүний жагсаалттай сайтар танилцаж, энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нислэгийн компаниасаа тодруулаарай.